2017 оны 10 сарын 31
АНУ-Монголын хамтарсан судалгааны баг 2015 оноос эхлэн Хөх Сэрхийн нурууны ДЦГ-н биологийн олон янз байдал тэр дундаа цоохор ирвэсийн тархац байршил, шилжилт хөдөлгөөн, эзэмшил нутаг, тоо толгойн хэмжээг тогтоох урт хугацааны судалгааг амжилттай хэрэгжүүлж байна. Судалгааны зорилго Дархан цаазат газрын менежментийг үр дүнтэй төлөвлөн хэрэгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны мэдээлэл цуглуулах, зөвлөмж боловсруулах зэрэгт чиглэгдэж байна.
Судалгааны баг Хөх Сэрхийн нурууны ДЦГ-н цоохор ирвэсийн судалгааг 2017 оны 10 дугаар сарын 10-аас 29-ний хооронд хийж гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнд дархан газарт хоёр толгой цоохор ирвэс (1 эр, 1 эм)-ийн бодгаль амжилттай барьж хүзүүвчлэв .
Энэ жилийн хээрийн судалгааг Хөх Сэрхийн нурууны УТХГ-ийн мэргэжилтэн, байгаль хамгаалагч, нутгийн иргэд, ШУА-н Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монголын гардалавчтан судлах төв болон АНУ-н судлаачид хамтран ажиллав.
Судалгааг амжилттай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Altai Institute for Research and Conservation, Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монголын Гардалавчтан Судлах Төвийн хамт олонд талархал илэрхийлье!
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ