Чигэртэй голын ай савын байгалийн цогцолборт газрын эрхэм зорилго нь Монгол Алтайн нурууны мөнх цас, мөсний томоохон төвүүдээс эх аван урсч байгаа гол горхийг хамгаалах, Баруун бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хангах, аялал жуулчлал хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангасан нутаг байхад оршино.
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэй голын эх нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савыг тэжээн тэтгэж байдаг Ховд, Буянт голуудын цутгал олон голуудын эх болсон экологийн онцгой ач холбогдолтой газар юм. Даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын улмаас усны нөөц багассаар байгаа нь дэлхий нийтийг, түүний дотор цэвэр усны нөөц багатай Монгол орныг түгшээж байна. Төв Азийн гадагш урсгалгүй ай савыг хамгаалах, түүнтэй салшгүй харилцан шүтэлцээтэй биологийн төрөл зүйл, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, улмаар бүс нутгийн экологийн аюулгүй байдлыг хамгаалахад онцгой үүрэг бүхий Чигэртэй голын ай савын БЦГ-ыг 2012 оны УИХ-ын 57 дугаар тогтоолоор байгуулсан байна. Нийтдээ 178367,3 га талбайг эзэлдэг. БЦГ нь геосистем, экосистемийн өвөрмөц ховор тогтоцыг хамгаалахын зэрэгцээ байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөний улмаас байгаль орчин доройтсоор байгаа өнөө үед даяарчлалын үйл явцын мониторингийн салшгүй хэсэг болох Алтайн уулсын системийн өөрчлөлтийг хянахад чухал ач холбогдолтой.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ